ЭРДЭНЭТ ТВ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Эрдэнэт үйлдвэр 1230 орчим га талбайд нөхөн сэргээлт хийлээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Экологийн цагдаагийн алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг аравдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн 15 тэрбум төгрөгийн санхүүжилтээр техникийн нөхөн сэргээлт хийгдэж байгаа талбайн ажлын гүйцэтгэлтэй танилцав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэн хийж гүйцэтгэхээр тусгажээ. Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 1229, 74 га талбайд, “Жинжий майнинг” ХХК, 2023 онд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр шалгарч, одоогоор 1080 га талбайд нөхөн сэргээлт хийгдэн, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.Энэ 11-р сард багтаан хийж дуусгах юм.
Хамтарсан ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон Ерөө сумын Харганатын ам, Могой гол, Цамхаг гол, Угтаал гол, Гозонгийн ам, Өвөрзалаатын ам гэх найман байршил, 1230 орчим га талбай бүрийн техникийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өглөө. Сэтгүүлч У.Цэрэнбат, Гэрэл зурагчин Б.Баттөгсийн бэлтгэсэн мэдээллийг цувралаар хүргэж байна.




Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс:
Сэлэнгэ аймагт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч сүйдсэн 3650 га орчим газар нутаг бий. Уул уурхайн үйлдвэрүүд, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр 2000 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдлээ. Оюутолгой компани 398 га, Эрдэнэт үйлдвэр 1229,74 га талбайг нөхөн сэргээж, байгалийн унаган төрхөө олоход, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэнд баярлалаа. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцаж байна.

БОАЖЯ-ны Уул уурхайн нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Б.Дулмаа:
Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж, техникийн нөхөн сэргээлт хийсэн хоёр компани гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, хүлээлгэж өгч байна. Нөхөн сэргээсэн газарт Харганат, Могойн гол сэргэж, голдирлоо олсон харагдаж байна. Энэ газар нутгийг дахин сүйтгүүлэхгүй, эвдэхгүй хайрлаж хамгаалах үүрэг нь орон нутагт үлдэж байна.

Ерөө сумын Харганатын аманд техникийн нөхөн сэргээлтийг маш сайн хийжээ
Техникийн нөхөн сэргээлтийн талбайн ажлын гүйцэтгэлтэй танилцсаны дараа Ерөө сумын иргэдтэй уулзаж, төслийн ажлын явц, үр дүнг танилцууллаа. Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэн, аж ахуйн нэгжүүд дахин олборлолт явуулах эрсдэл өндөр учраас орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагатайгаа хамтран байгалийн унаган төрх сэргэх хүртэл хайрлаж, хамгаалах нь чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбай бий. Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант голын сав дагуу 3650 га орчим талбай хариуцлага тооцох эзэнгүй, эвдэрч сүйдсэн гэж тоологджээ.