ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД АШИГЛАХ АРГАЧЛАЛ

ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД АШИГЛАХ АРГАЧЛАЛ

Уурхайн ухаш, овоолгыг нөхөн сэргээх::

Уурхайн ухаш болон овоолгын нөхөн сэргээлт хийхэд ухшийг дүүргэх, хурдас чулуулгийн овоолгыг намсгах, ирмэгийг налуулах, тэгшлэх, хэлбэршүүлэх хэлбэрээр явагдана. Налуугийн өнцөг нь 230-аас ихгүй байх ба уурхайн ухшид дүүргэлт хийж, овоолгын оройн шовх хэсгийг тэгшлэн шимт хөрсөөр хучна.

Уурхайн үйл ажиллагаанд өртсөн булаг, гол, горхины голдирлыг нөхөн сэргээх:

Гол, горхины голдирлыг анхны байршлаар нь нөхөн сэргээх ба нөхөн сэргээсэн голдирлын эргийн налуу 25 градусаас ихгүй байна. Шаардлагатай газруудад гол урсгах суваг татах, сэргээхэд MNS 5917:2008, Байгаль орчин.Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн ерөнхий шаардлага стандартыг баримтална. Нөхөн сэргээсэн голын голидрол, шинээр татсан суваг, шуудууг хөрс, усны эвдрэлээс хамгаалсан байдлаар техникийн нөхөн сэргээлт, тохижуулалт хийнэ.

Нөхөн сэргээлт хийхэд анхаарах асуудлууд::

 Тухайн нөхөн сэргээлт хийх газар нь нөхөн сэргээлтэд ашиглах хөрсний ангилал бүрэн биш холилдсон замбараагүй тул нөхөн сэргээлтийн стандартын дагуу шимлэг чулуулгаар хучих, хөрсний бүтэц, хөрсний шинж чанарын шаардлагыг хангах, сайжруулахад учир дутагдалтай. Иймд олборлолт хийгдсэн онцлогоос хамааран техникийн нөхөн сэргээлтэд хийх хөрсний хучлага нь стандартын дагуу бүрэн хийгдэхгүй шууд эх чулуулаг дээр шимт хөрс дэвсэх байдлаар хийгдэх төлөвтэй байна. Иймд техникийн нөхөн сэргээлт хийгдэхээс өмнөх эх чулуулаг, шимт хөрсний хими физик шинж чанарыг тодорхойлж нөхөн сэргээлт хийсний дараах шимт хөрсний хими физик шинж чанарыг тодорхойлж захиалагч талд хүлээлгэн өгөх нь биологийн нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой. Нөхөн сэргээлтэд ашиглах шимт хөрсний органик агууламж, урвалын орчин, чулууны агууламж, механик бүрэлдэхүүн, давсжилт, хөдөлгөөнт шим тэжээлийн бодисын агууламжыг тодорхойлох шаардлагатай. Мөн нөхөн сэргээлт хийх талбайд хүнд металлын бохирдлын эх үүсвэр байсан, бохирдсон байж болзошгүй газруудад урьдчилан хүнд металлын бохирдлын судалгаа хийж бохирдсон хөрсийг техникийн нөхөн сэргээлтэд ашиглахгүй байх. Нөхөн сэргээлтийн талбайд ашигласан тос масло, газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрс илрэх тохиолдолд бохирдсон хөрсийг нөхөн сэргээх аргазүй, аргачлалыг судалж боловсруулна. Хөрсний бохирдлын хэмжээг тодорхойлоход “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 5850:2008” стандарттай жишиж мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Нөхөн сэргээлтийн ажлын дараалал

Нөхөн сэргээлтийн ажлыг явуулахдаа ИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ -ийг баримтлан ажиллана.

1. Нуур цөөрмийг усгүйжүүлэх

2. Овоолго, мөргөцөг тараах налуулах

3. Ухаш дүүргэх

4. Гол, горхины голдирлыг сэргээх, голдирлын эргийн налуу засах

5. Хэлбэршүүлэлт хийх

Нуур цөөрмийг усгүйжүүлэх - Технологийн зориулалтаар гаргасан нуур, ухашинд тогтсон ус, хонхор хэсэгт тогтсон ус зэргийг усгүйжүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг. Нөхөн сэргээх талбайг хэсэглэлүүдэд хуваах бөгөөд тухайн хэсэглэлд багтсан нуур цөөрмүүдийн усгүйжүүлэх нь хамгийн эхэнд хийгдэх ажил юм. Ингэснээр тухайн хэсэглэл нь усгүйжиж техникүүдийн шавар суух, гулсах, нурах зэрэг эрсдэлээс хамгаалах бөгөөд нуур, цөөрмийн гүн болон ажлын эзэлхүүний хэмжээг тодорхой болгож өгнө. Энэ ажлыг экскаватороор суваг шуудуу ухах, далан сэтлэж усыг урсгах бөгөөд боломжгүй тохиолдолд насос тавьж усыг зайлуулна.

Гарах эрсдэл: Экскаватор шаварт суух, нуур цөөрөмд суух, нуур цөөрөмрүү гулсах- үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд шуудуу татах маршрутыг сонгож экскататор ажиллах хэсгийг тэгшилж ямар нэгэн нуралт үүсвэл шууд гарах гарцыг бэлдсэний дараа шуудуу татах, далан сэтлэх ажлыг эхлүүлнэ. Шуудуу татахдаа ус урсах хамгийн доод цэгээс эхэлж нуур цөөрөм рүү дээш нь татна ингэснээр шуудууг усгүй ухах ба шуудуу нурах эрсдэлийг бууруулна. Эксаваторын оператор нь шуудуу ухах явцад нурах эрсдэлтэй хэсгийг тодорхойлж аюулгүй болгож ажиллана. Хамгийн сүүлд нуур цөөрмийн усыг шуудуутай холбож урсгана ингэхдээ экскаватор өөрөө гарах шууд гарцыг бэлдсэн байна. Нуур цөөрөмрүү ойртохдоо гадаргуу дээр ямар нэг хагарал гарсан эсэхийг сайтар шалгаж нүралт үүсэх эсэхийг тодорхойлсоны дараагаар буцаж шууд гарах гарцыг бэлдсэн байна. Нуур цөөрмийн эрэгт экскаваторын гинж 90 градус байхаар байрлуулж ойртох ба эрэг нурах, шинж тэмдэг илэрвэл шууд буцаж гарна.

Насос суурилуулахад насосны шланг задрах, насос суурьлах тавцан нурах, насос өргөх явцад татуурга тасрах, цахилгаанд цохиулах зэрэг эрсдэлүүд үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх тулд шланг тавих, насос тавих, генератор байрлуулах зэрэг газруудын нурах, гулсах, мөргөцөгт дарагдахгүй байхаар газрыг сонгож экскавтор болон бульдозероор ажлын талбайг тэгшилж нуралтаас сэргийлж эргийг налуулж бэлдэнэ. Үүний дараагаар насос, генеротор, шланг зэргийг өргөж байрлуулна. Өргөхдөө эхлээд тросс, чайлк, өргөх дэгээний даац болон тасрах эрсдлийг шалгана. Эдгээрийг суурьлуулсаны дараагаар цахилгаанчингаар цахилгааны холболтуудыг хийлгэх бөгөөд генератор насосыг холбосон цахилгааны утас нь даацад тохирсон ямар нэгэн залгаагүй эхлэл төгсгөл дээрээ зориулалтын төгсгөвчтэй байна. Мөн генератор, насос нь дээр газардуулагч хийсэн байна. Энэ ажлыг мастерийн хяналтан доор зааварчилгааны дагуу хийгдэнэ. Генератор насосыг насосчин ажиллууна.

Овоолго, мөргөцөг тараах налуулах-Овоолго болон мөргөцөгийг эхлээд мастер үнэлж бульдозер эсвэл экскавтор ажиллахыг шийднэ. Хэрвээ овоолго, мөргөцөгийн хажуу налуу хэт огцом /60 градусаас дээш/ өндөр, саравч үүссэн, хажуу налууг дагасан хагаралтай, овоолго, мөргөцөг дээр ажлын талбай бага байвал бульдозер ажлуулахгүйгээр экскавтороор эдгээрийг аюулгүй болгосны дараа бульдозероор овоолго, мөргөцөгийг стандартын дагуу тарааж налуулна.

Гарах эрсдэл: Экскаватор болон бульдозер энэ ажлыг хийх явцад гулсах, овоолго нурах, нэг овоолго, мөргөцөг дээр 2 ба түүнээс дээш техник ажиллаж байх үед мөргөлдөх, шаварт суух зэрэг эрсдлүүд гардаг үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд экскаваторыг овоолго,мөргөцөгрүү өгсүүлэх, уруудуулах үед гулсахаас хамгаалах арга хэмжээ урьдчилан авах бөгөөд явах замын налуугийн хэмжээ нь экскаваторын техник ашиглалтын баримт бичигт зааснаас хэтэрч болохгүй байхаар замаа бэлдэн засна. Овоолго, мөргөцөгөөс яаралтай гаргахын тулд чөлөөтэй гарцтай байлгана. Овоолго, мөргөцийн ирмэгрүү ойртохдоо гинжийг ирмэгтэй нь 90 градус байхаар байрлуулж ажиллах бөгөөд ирмэг дагасан хагарал байвал хагарлыг давахыг хориглоно. Ирмэгийн налууг хөрсний өөрийн нуралын өнцөгтэй болгох, ажлын талбайг бульдозерт тааруулан шидэж тэгшлэх, өндөр байвал намсгаж шидсэний дараа бульдозерыг ажлуулна. Экскаватор, бульдозер нь овоолго, мөргөцөгийн ирмэгийн дагуу 2м ээс дээш зайтай ажиллаж, явах ёстой. Нэг мөргөцөг, овоолго дээр техникүүд ажиллаж байх үед бие биенийхээ ажлын радиус дотор орохгүй байх орсон тохиолдолд станцаар эерэг холбоо тогтоож орно. Шаварт суусан тохиолдолд мастерт мэдэгдэн ухах татах зэрэг арга хэмжээг мастерийн зааврын дагуу хийнэ. Хэрэв татуулах тохиолдол гарвал өөрт таарсан даацын ган татлага ашиглана.

Ухаш дүүргэх-Ухаш болон усгүйжүүлсэн нуур, цөөрмийг эхлээд мастер үнэлж бульдозер эсвэл экскавтор ажиллахыг шийднэ. Ухашийн хажуу эрэг хэт огцом /60 градусаас дээш/ гүн, саравч үүссэн, хажуу эрэгийг дагасан хагаралтай байвал бульдозер ажлуулахгүйгээр экскавтороор эдгээрийг аюулгүй болгосны дараа бульдозероор ухашийг стандартын дагуу дүүргэж налуулна.

Гарах эрсдэл: Экскаватор болон бульдозер энэ ажлыг хийх явцад гулсах, хажуу эрэг нурах, техникүүд ажиллаж байх үед мөргөлдөх, шаварт суух зэрэг эрсдлүүд гардаг үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд экскаваторыг ухашаас яаралтай гаргахын тулд чөлөөтэй гарцтай байлгана. ухашийн эрэгрүү ойртохдоо гинжийг ирмэгтэй нь 90 градус байхаар байрлуулж ажиллах бөгөөд эрэг дагасан хагарал байвал хагарлыг давахыг хориглоно. Эрэгт саравч үүссэн, хэт огцом байвал эргийг хөрсний өөрийн нуралын өнцөгийг бий болтол шидэж налуулна. Хэрэв эрэг дагасан хагаралтай байвал хагаралаар нь нурааж аюулгүй болгох эсвэл хагарлыг дүүргэж аюулгүй болгох арга хэмжээ авсаны дараа ажлын талбайд бульдозер оруулан ажлуулна, Экскаватор, бульдозер нь эргийн дагуу 2м ээс дээш зайтай ажиллана. Бульдозер ухашийг дүүргэхдээ эрэгт 90 градус байхаар байрлаж түрэлт хийнэ дүүргэнэ. Дүүргэх явцад гадаргуу хуурай гулсалтгүй тохиолд дугуйт ачигч оролцуулан ажиллана. Техникүүд ажиллаж байх үед бие биенийхээ ажлын радиус дотор орохгүй байх орсон тохиолдолд станцаар эерэг холбоо тогтоож орно. Шаварт суусан тохиолдолд мастерт мэдэгдэн ухах татах зэрэг арга хэмжээг мастерийн зааврын дагуу хийнэ. Хэрэв татуулах тохиолдол гарвал өөрт таарсан даацын ган татлага ашиглана.

Гол, горхины голдирлыг сэргээх, голдирлын эргийн налуу засах- Энэ ажилбар харьцангуй аюулосол багатай байдаг. Эвдэрсэн газрын хуурай сайр, гол, горхины голдирлыг анхны байршилд нь дөхүүлэн нөхөн сэргээх ба нөхөн сэргээсэн голдирлын эргийн налуу 25 градусаас ихгүй байна. Гол, горхины голдирол хуурай сайр ихтэй байвал эргийн түрэх материал нь гол, горхины усруу орохооргүй байвал бульдозер, дугуйт ачигч ашиглана түрж налуулна. Хэрвээ эрэг нь гол, горхины устай тулсан тохиолдолд экскаватор ашиглана эргийг налуулж материалыг татан авч тухайн орчинд тааруулан уусгалт хийнэ.

Гарах эрсдэл: Голын эрэг нурах, техникүүд ажиллаж байх үед мөргөлдөх, шаварт суух зэрэг эрсдлүүд гардаг үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд экскаватор, бульдозер, дугуйт ачигч нь голын эрэгтэй 90 градус байхаар байрлуулж ажиллана. Техникүүд нь эргийн дагуу 2м ээс дээш зайтай ажиллана. Техникүүд ажиллаж байх үед бие биенийхээ ажлын радиус дотор орохгүй байх орсон тохиолдолд станцаар эерэг холбоо тогтоож орно. Шаварт суусан тохиолдолд мастерт мэдэгдэн ухах татах зэрэг арга хэмжээг мастерийн зааврын дагуу хийнэ. Хэрэв татуулах тохиолдол гарвал өөрт таарсан даацын ган татлага ашиглана

Хэлбэршүүлэлт 

Дээрхи ажлууд хийгдсэний дараагаар нөхөн сэргээлт хийгдэж байгаа талбайг байгалийн унаган төрхөнд ойртуулж хэлбэржүүлэх ажил хийгддэг. Энэ ажилд ихэвчлэн бульдозер, дугуйт ачигч ашиглах ба шаардлагатай тохоилдолд экскаватор ашигладаг.

Гарах эрсдэл: техникүүд ажиллаж байх үед мөргөлдөх, шаварт суух гэх мэт эрсдлүүд гардаг ба дээр дурьдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллана.

mnMongolian